ЖУУЛЧНЫ ГУДАМЖ

Улс орнуудын “Жуулчны гудамж”-нд дуу хуур, хөгжөөн бужигнаан өрнөж байдаг. Тухайлбал, Сан Франциско хотын Ломбард, Нью-Йоркийн Бродвей, Туркийн Истиклал, Оросын Арбат, Сөүлийн Мёндун, Токиогийн Асакүса, Сингапурын Очард Роуд, Барселеоны Ла Рамбла гудамжийг хэдэн мянган жуулчид зорьдог. Москвагийн Арбат нь 520 жилийн настай түм түжигнэж, бум бужигнадаг газар. Тав тухтай үнэтэй ресторан нь байна, цагаа хэмнээд хурдан түргэн хооллох буфет хоолны газар ч байна, гадаа талбайд нь хөргөө зуруулчихна, илбэчний үзүүлбэр үзчихнэ, сонгодог дөрвөл хөгжимчин, гитартай соло дуучны бяцхан тоглолтыг ч сонирхчихно, орос үндэсний бэлэг дурсгал ч худалдаад авчихна, кинотеатр, үзэсгэлэнгийн танхим, музей үзвэрийн газруудаар аялчихна.

Алдарт Урт цагааны гудамж маань ЖУУЛЧНЫ ГУДАМЖ гэж 2005 онд нэрлэгдсэнээс хойш 16 жил өнгөрчээ. Уртаас урт цагаан байшинтай энэ гудамж нь хотын төвд буюу Улсын их дэлгүүр, Дүрслэх урлагийн музей, Үлэг гүрвэлийн музей, Гандан хийд гээд жуулчдын урсгалын уулзвар цэгт байрладаг давуу талтай. Нийслэлийн удирдлагууд хэдэн даавуун асар байрлуулж бэлэг дурсгалын худалдааг хөгжүүлэх гээд амжилт олоогүй. 2014 онд 10ш сандал, 15ш хогийн сав байрлуулж, гудамжны дагуух 6 байшингийн хаягийг монгол англи хэлээр байрлуулах “ажил” хийсэн. Өөд нь татаж болохгүй болчихсон “урт цагаан байшин” юм уу? … гэхээр үгүй мэт.

Чанарын хувьд энэ байшин шиг чанартай барилга нийслэлд ховор аж. 1962 онд хятад барилгачдаар бариулсан ба 1.5 метр өргөн суурь, даацын хана, гол баганууд нь 100% бетон цутгалтаар хийгджээ. Байшинг нь шинээр засварлаж, одоогийн түрээслэгч нарын эрх ашгийг хохироохгүйгээр чиглэл чиглэлээр нь зохион байгуулах боломж харагддаг.

  • Үсчин, гоо сайхны газруудыг тохижуулж болно. Жуулчид ч гэсэн үсээ янзлуулж, сахлаа хэлбэр гаргуулан засуулж, толгойгоо массаж хийлгэн угаалгах дуртай. Педикур, маникур хийлгэдэг жуулчид ч их бий. Тус байшингийн оёдолчдод тулгуурлан үндэсний болон орчин үеийн хувцасны салон байгуулж, 20 орчим монгол үндэстэн ястны дээл, хувцас гоёлуудыг танилцуулан фото студи ажиллуулах боломжтой.
  • Бэлэг дурсгалын үйлдвэрлэл худалдаа байрлуулж жуулчдын хамгийн ихээр зочилдог бүс нутгуудын имиж төрхийг тусгасан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж болно. Тухайлбал, Тэрэлж дэх Мэлхий хад, Зайсан толгой, Эрдэнэзуу, Хөвсгөл нуур гэх мэтийг тусгасан тэмдэг, тор, футболка, наалт, түлхүүрийн оосор, ил захидал гэх мэт.
  • Гутал засварчдад тулгуурлан “гутлын салон” тохижуулж болно. Гутал өнгөлж тосолдог үйлчилгээнээс гадна хөл угаах болон хөл массажны үйлчилгээг бий болговол шинэлэг юм. Ялангуяа зуны халуунд удаан алхсан хүний хөл их ядардаг, хөлөрдөг. Гадны жуулчин битгий хэл монголчууд өөрсдөө ч энэ үйлчилгээг талархан хүлээн авна.
  • Буузны гуанз, хуушуурын гуанз, баншны кафе, мантууны гуанз, талх нарийн боовны газар, айраг уушийн газар, сүү тарагны кафе гээд үндэсний гэх хоол цайны газруудыг ярайтал нь ажиллуулах боломжтой. Дэлхийн улс орнуудын жуулчны гудамжинд янз бүрийн хоолны үйлчилгээ гэдэг нь бүрэн утгаараа хөгжсөн байдаг.
  • ЖМТ байгуулж интернет ашиглах, утсаар ярих, газрын зураг хэрэглэх, маршрут төлөвлөх, аялал жуулчлалын мэдээлэл авах, жолооч ба орчуулагч зуучлах, аяллын хэрэгсэл түрээслэх гэх мэт жуулчдад хэрэгтэй бүхнийг чиглүүлэх үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй.
  • Монгол бичгийн бийрэн бичлэг буюу калиграфийн үйлчилгээг нээж, жуулчдад зориулсан гарын авлага бүхий номын худалдаа, номын сан байгуулж болно.
  • Зарим орны жуулчны гудамжинд орчин үеийн автомашин явдаггүй. Урт цагааны гудамжинд зөвхөн морин тэрэг эсвэл сарлаг тэрэг, эртний ноёд хатадын монгол сүйхээр аялуулах жим байж болно. Орчин үед тухайн амьтандаа сөрөг нөлөөгүй байхаар идэш тэжээлд нь анхаарч, орчноо бохирдуулахгүй байх технологиуд аль хэдийнэ нэвтэрчихсэн.
  • Энгийн загвар дизайнтай, бат бөх хөшөө дурсгал, ногоон байгууламж, урт сандал, хогийн сав, усан оргилуур, бие засах газар байх шаардлагатай.
  • Уртцагааны орчинд эмийн худалдааны 30 гаруй цэг байдаг бөгөөд тэдгээрт түшиглэн жуулчинд үйлчлэх цэг буюу цусны даралтыг нь шалгачихдаг, түр амраачихдаг, эмнэлгийн анхны тусламж үзүүлчихдэг орчинг бий болгож болно.
  • Жуулчин банк, “мөнгө солиулах цэг” зэргийг харуул хамгаалалт, гадаад хэлний мэдлэг сайтай ажилтнуудаар хангавал сайн. Дашрамд дурдахад, манай оронд “аяллын чек” гэдгийг мэддэггүй банкны ажилтнууд байдаг.
  • Зайсан толгой руу явах, Тэрэлж рүү явах бага оврын автобусны үйлчилгээ, жуулчны такси үйлчилгээг бий болгож, зогсоолыг байгуулах, дэргэд нь тасалбар борлуулах цэг, мэдээллийн самбар байрлуулж болно.
  • Монголын нэрийг дэлхийд гаргасан олимпийн аваргууд, сансрын нисэгч, сумогийн их аваргууд, Эверестэд авирсан уулчид, сонгодог урлагийн мастерууд, дэлхийг донсолгож байсан жанжин хаадууд гэх мэт хүмүүсийн баримал бүхий музей, гарын үсэг, гарын алга, гишгэсэн мөрний дардасуудыг ч байгуулж болно. Эдүгээ Говь дэлгүүрийн байранд байгаа лааны тосон баримлын музейг жуулчны гудамжинд нүүлгэн ирүүлэх боломжтой.

Төрийн бодлого нь хүчтэй байвал нэг жижигхэн гудамжийг “жуулчны гудамж” болгон хөгжүүлэхэд тийм ч хэцүү биш байх ёстой.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store