Нэг мод 197 640 000₮-ийн ХӨДӨЛМӨР хийдэг.

Өнөөдөр 3-р сарын 21 буюу дэлхийн ойн өдөр. Навчит модны титэм дуу шуугианы 26%-ийг шингээж, 74%-ийг ойлгож сарниулна. Байшин барилгын дэргэдүүр шигүү тарьсан мод, сөөг гудамжны дуу шуугианыг 8–11 дицибеллээр бууруулна. Явган хүний зам ба авто машины замын дагуу тарьсан мод, сөөг нь авто тээврийн дуу чимээг 10–20 дицибелл багасгадаг.

Дэлхийн үнэт баялагт ХӨРС, УС, ОЙ гурав багтдаг. Анхны асар том намган ой ойролцоогоор 350–280 сая жилийн тэртээ үүсэн бий болжээ. Харин навчит модод болох бургас, царс, нүргэс модод барагцаалбал 60 сая жилийн өмнөөс үүсэн бүрэлджээ. Дэлхий дээр 100 мянган зүйлийн мод бут байдаг, харин Монгол оронд 140 гаруй зүйлийн мод, сөөг ургадаг. Нэг га навчит ой 3 кг, шилмүүст ой 5–10 кг, арцан ой 30 кг фитонцид (өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис) ялгаруулдаг.

Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80%-ийн амьдрах орчин нь болдог. Ой модны экологийн ач холбогдол нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, хур тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулдаг.

Улаан тайга

- Үхрийн нүд, монос, долоогоно, өрөл зэрэг мод 20 жил

- Гүйлс 40 жил

- Чацаргана 40–80 жил

- Хус 60–70 жил

- Хайлаас ба жодоо 200 жил

- Нарс мод 300- 500 жил /зарим оронд 1000 хүртэл жил/

- Шинэс мод 200–300 жил

- Улиангар 45 жил

- Хуш 150 жил насалдаг.

50 жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 197 640 000₮-өөр үнэлэгдэх хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргадаг.

- Ялгаруулдаг хүчилтөрөгч — 38 125 000₮

- Агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ — 75 640 000₮

- Усыг эргэлтэд оруулах хүч — 45 750 000₮

- Хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ — 38 125 000₮

Ойн хөвд нь ус чийгийг нэгэн хэмд барьж мөнх цэвдэгийг гэсэлтээс хамгаалахаас гадна ойн дулаан, чийгийн тэнцлийг хадгалснаар модны ургах нөхцөлийг хангана. Хөвдийг хамгаална гэдэг нь ойг хамгаалж буй хэрэг юм.

Хус мод нь 5-р сарын эхний 15 хоногт өөрийн бүтэн жилийн идэш тэжээлийг нөөцөлдөг. Хусны шүүс нь хүний биед тустай боловч илүүдэл шингэн биш, өөрийнхөө ургалтанд хэрэгтэй амин чухал шаардлагатай шингэнээ нөөцөлж буй нь тэр юм.

Хушин ой нь хэрэм, жирх, ойн шувууд, баавгай, хандгай, зэрлэг гахай зэрэг амьтдын амьдрах орчин, орон гэр болдог. Самар түүхдээ мөчрийг нь гэмтээхгүй, залуу модыг огтлохгүй байх нь хушийг нэг удаа огтолж түлэхээс илүү их эдийн засгийн ач холбогдолтой.

Дэлхийн бүх ойн нөөцийн 53% нь Бразил, Хятад, Канад, ОХУ, АНУ гэсэн 5-хан оронд бий. Дэлхийд ойн гаралтай 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдүгээ дэлхийн ойн сан жилд 0.6%-иар багасаж байгаа бол Монгол оронд сүүлийн 5 жилд 500 мянган га газрын ой устаж байна. Үүний 90% нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй.

Монгол орны ойн сан 18.3 сая га бөгөөд нутаг дэвсгэрийн 8% хүрэхгүй талбайг эзэлдэг нь ойн сан маш хомс гэсэн үг. Хэрлэн, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүд хэдэн зуун мянган жил тасралтгүй урсаж ирсэн нь ой модны эх үүсвэр юм.

Аялал жуулчлалын судлаач, багш.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store