5 жилийн дотор 61.5 тэрбум $-ын ашиг авчирсан БУНХАН
Дэлхийн гайхамшигт өв болсон ЦИН ШИ ХУАНДИ бунханг үзэхийн тулд 120 юань буюу монгол төгрөгөөр 50 мянга гаруй төгрөг төлдөг бөгөөд музей, ойр хавийн цэцэрлэгт хүрээлэн болон тэр хавийн газрууд руу хүргэж өгдөг автобусны үнэ багтсан байдаг. Зөвхөн 2015 онд 136 сая жуулчин ирж үзжээ. Тус бунханыг 2009 онд АЖ-ын эргэлтэнд оруулсан бөгөөд 2015 он гэхэд 402 тэрбум юань буюу 61.5 тэрбум долларын ашиг олж БНХАУ-ын хамгийн шилдэг АЖ-ын газраар шалгарчээ.
1974 оны 7-р сарын 11 хүртэл газар дор нойрсож буй Terracota army буюу олон мянган цэргийн шавар бунханг хэн ч мэддэггүй байлаа. Орос хэлээр “Терракотовая армия” гэх ба терракота гэдэг нь өвөрмөц сортын шавруудыг хольж урласан шавар зүйлсийг хэлдэг байна. Ян Живан гэх тариачин эр худаг ухаж байтал 5м гүнээс шавар баримал гарч иржээ. Археологичдын малтлага 40 жил үргэлжилж нийт 8000 дайчин эрсийн баримлыг ухаж гаргасан ч үргэлжлүүлэн судалсаар л байна. Шаньси мужийн төв, эртний Хятадын нийслэл Шиань хотоос холгүй оршдог. 2000 жилийн тэртээ Цин Ши хэмээх цөс ихтэй залуу хаан тодрон гарч ирж тархай бутархай оршиж олон жил хоорондоо дайтсан Жао, Шин, Хань, Вей, Мэн, Чунь, Цинь гэх мэт хаант улсуудын нийслэлийг газрын хөрстэй тэгшилж нэгтгэн Хятадын түүхэнд нэгдсэн төр улсыг байгуулж өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн. Хятадыг нэгтгэсэн агуу удирдагч гэгдэх Цин Ши хуандигийн үе НТӨ 247–209 онд оршсон ба тус шавар цэргүүдийн бунханыг ч энэ цаг үед зэрэгцүүлэн барьжээ. Цин Ши хуанди өөртэйгөө хамт 4000 залуу дайчдыг оршуулахыг шаардсан боловч зөвлөхүүд нь “бослого самуун дэгдэнэ” хэмээн ятгаж татгалзуулж чадсан гэдэг. Үүнээс үүдэн 8000 дайчдын бунхан бариулах санаа төрсөн бөгөөд өөрт нь зориулсан бунханаас 1.5км зайд бүтээгдсэн.
- Нийт 38 жил зарцуулсан энэ ажилд 700 мянга гаруй урчууд, ажилчид оролцсон гэдэг бөгөөд бүтээсэн шавраас үзвэл Хятадын өөр өөр нутаг дэвсгэрт бүтээгдсэн болохыг илтгэдэг.
- Шавар цэргүүдийг зүүн зүг рүү харуулсан нь эзлэгдсэн улс орнууд нь зүүн зүгт оршиж байсантай холбоотой гэж үздэг.
- Явган, морьтон, харваач цэргүүдийг 190–195см өндөр, 135кг жинтэйгээр бүтээсэн ба бүгд өөрсдийн хэрэглэж байсан жинхэнэ илд, жад, нум сумаар зэвсэглэсэн байсан. Харин морьтон цэргийн морь тус бүрийн жин 200кг болохыг тогтоосон.
- Цэргүүд бүгд өөр өөр царай зүстэй буюу монгол, хятад, уйгар, түвд гэх мэт олон үндэстний дүр төрхтэй, үсний засалтаас өгсүүлээд дээл хувцас урлал нь тун уран нарийн бүтээгдсэнийг судлаачид шагшин гайхдаг.
- Малтлагаар явган ба морин цэргүүдээс гадна цэргийн дээд тушаалтнуудаас бүрдсэн дан хэсэг, мөн циркийн акробатч, хөгжимчид зэргийг илрүүлсэн. Мөн Цин Ши хуандигийн 48 хатад, татвар эмсийг амьдаар нь дагалдуулан их хэмжээний үнэт эрдэнэсийн хамт оршуулсан байв.
- Эдгээр 8000 баримлыг босоогоор нь 11 хонгилд зузаан ханаар тусгаарлан байршуулж дээгүүр нь өргөн хөндлөвч моднууд тавьж, хавтангаар хучаад 30см орчим цементээр бүрж, дээр нь 3м гаруй зузаан хөрс шороогоор булсан байжээ.
Баримлуудыг халуунд зууханд хийж шатааж хийсэн нь ойлгомжтой байсан ба малтаж гаргах бүрт 5 минутын дотор будаг нь арилдаг байжээ. Будгийг нь хамгаалахаас гадна цас бороо, хулгайчдаас хамгаалахын тулд тусгай байгууламж бүхий гурван павилион байгуулж шууд АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗМЭР болгож ашигласан. Энд зураг авахыг хатуу хориглодог.
Цин Ши хуанди нь өөрчлөлт шинэчлэл явуулж, ирээдүйд Хятад улс бутран задрах бүх боломжуудыг устгаж, Хятадыг 36 бүс болгон хувааж, цэргийн нэг, энгийн нэг удирдагчийг тохоон томилж, хатуу хууль журам мөрдүүлжээ. Мөнгөний нэгж, уртын болон хүндийн хэмжүүр нэгж, бичиг үсгийг хүртэл нэг мөр болгож эзэнт гүрний нутагт явах тэрэгний дугуйг хүртэл нэг ижил хэмжээстэй болгосон гэдэг. Өмнөх 7 улсын түүхийг хэрэгсэхгүй болгож ном судруудыг нь НТӨ 213 онд галдан шатаалгажээ. Шинэ дэглэмийг эсэргүүцсэн гэх шалтгаанаар 460 гаруй эрдэмтэн мэргэдийг амьдаар нь газарт булж цаазалжээ.
Цин Ши хуандиг төр барьж байх үед Хятадын хүн ам 30 сая орчим байжээ. Хааны ордон, зам харилцаа, суваг шуудуу ухах ажилд 1.4 сая хүнийг дайчилж, алдарт Цагаан хэрмийг бариулахад 3 сая орчим энгийн иргэд, ялтнууд, олзлогсод, тариачдыг дайчилснаас гадна өөртөө зориулан 120м өндөр бунханыг бариулжээ. Тэр бунхан нь эдүгээ 47-хон метр өндөртэй дов төдий болжээ. Бунханы эргэн тойронд үхэгсдийн бүхэл бүтэн хотыг босгосон гэлцдэг. Археологичид тэр хотыг малтаж эхлээгүй байгаа бөгөөд эдүгээ гаргасан байгаа 8000 шавар баримлыг хотын нэг өчүүхэн хэсэг гэж үзэцгээжээ.
НТӨ 210 онд Цин Ши хуанди улс орноо 5 дахь удаагаа тойрч хянах аялал хийж Хэбэй мужийн нутагт явж байхдаа хүндээр өвчилж нийслэлдээ амьд эргэн ирж чадаагүй гэдэг. Цин Ши хуандиг залгамжилсан түүний хүү Эр Ши хуанди төр удирдах авъяасгүй нэгэн байсан тул тариачдын бослогоор 4 жилийн дараа алагдаж улмаар Цин угсааны бүх хүнийг хүйс тэмтэрч Баруун Хань угсааныхан ноёлон гарч иржээ. Тэд Цинь Ши хуандигийн төрийн бодлогыг хэвээр үргэлжлүүлсэн гэдэг.
Цин Ши хуанди ард түмний дундах бүх зэр зэвсгийг хураалгаж устгуулсан бөгөөд жинхэнэ нум сум, илд, жад, сэлэм зөвхөн газар доорхи дайчдын бунханд байсан тул бослого дэгдээсэн ард олон зэвсэг авах гэж бунханыг сүйтгэсэн гэж үздэг. Олон зууны туршид тонуулчид Цин Ши хуандигийн бунханаас алт эрдэнэс хайсаар ирсэн нь бунханы малтлагын үеэр гарч ирсэн цөөнгүй хүний араг яс нотолдог ажээ. Цин Ши хуандиг их хэмжээний алт эрдэнэсийн хамт оршуулсан гэж эртний судруудад бичсэн байдаг ч өнөөг хүртэл тэдгээр алт эрдэнэсийг олоогүй байна. Цин Ши хуанди “оньсого таалгах” дуртай хүн байсан талаар бичсэн байдаг. Тийм учраас түүнийг өөр газар бунхалсан байж магадгүй бөгөөд шавар дайчдын бунхан үнэнийг төөрөгдүүлэх халхавч байж магадгүй гэж үзсэн байдаг.
Энэхүү 8000 дайчдын Terracota army бунханы эхний 2 малтлага 1978–1986 онд, гурав дахь малтлага 2009 оноос өнөөг хүртэл явагдаж байна. 1987 онд ЮНЕСКО албан ёсоор эл бунханг дэлхийн өвд бүртгэсэн.
Жич: Монголд хийгдэж буй бунханы малтлагуудыг буцааж булахгүйгээр хамгаалалт павилион барьж шууд АЖ-ын эргэлтэнд оруулах хэрэгтэй. Тухайн орон нутаг, цаашлаад Монголын АЖ-ын хөгжилд багагүй хувь нэмэртэй юм.