АЛГА шиг уураг, АТГА шиг нүүрс ус, ЭРХИЙ шиг өөх тос

Buyanbadrakh Choibalsan
4 min readDec 20, 2020

--

Австралийн ФИТНЕСИЙН их сургууль төгссөн Баатарсүхийн Уянга гэх бүсгүйн ярилцлагаас энэ удаа сийрүүллээ. Тэрбээр хүний биеийн бүтцээс эхлээд яаж хөгжүүлэх тухай, хоол хүнс, эрдэс, амин дэмийн зохицлын талаар шинжлэх ухааны үндэстэй, академик түвшинд суралцжээ. Б.Уянга одоо life coach буюу хувийн дасгалжуулагч болсон байна. Масловын онолоор бол “хүн амьд үлдэх анхдагч хэрэгцээгээ хангаагүй тохиолдолд тэрнээсээ илүүг бодож чадахгүй, жишээ нь байгаль орчны доройтол, эрүүл мэнд гэж бодож чадахгүй” гэдэг. Амьд байхын тулд эрүүл байх ёстой.

Б.Уянга

МАХ буюу уураг: Мах идэх нь зөв, гэхдээ ямар махыг ямар хэмжээтэй, ямар үед хэрэглэх вэ гэдэг нь чухал. Хүмүүс мах идэхдээ нүүрс усны өндөр агууламжтай будаа, гурил зэргийг их хэмжээгээр нэг дор иддэг учраас калорийн хэмжээ ихэддэг. Ихэдсэн учраас шингээж чадахгүй үлдээж, хүний биед “хог хаягдал” үүсдэг. Хог хаягдлыг хадгалдаг газар бол өөхөн давхарга. Хоногт 90–100 гр уураг авах ёстой. Нэг том стэйк 25–30 гр уураг өгнө, хамт идэж байгаа бусад зүйл буюу нүүрс усны хэмжээнд анхаарах хэрэгтэй. Хүн өөрийн алганы хэмжээ ба зузаантай адил хэмжээний уураг, атгасан гарынхаа хэмжээтэй нүүрс ус, эрхий хурууныхаа дайны өөх тосыг нэг удаагийн хоолонд бодож хэрэглэх нь зохино.

Нэг стейк 25–30гр уураг өгдөг

БУЛЧИН: Уургийнхаа хэмжээг зөв авч чадахгүй бол булчингаа алдана. Ахмад хүмүүс халтирч унаад гар, хөлөө хугалах нь элбэг байдаг нь ясыг хамгаалж байдаг булчингаа алдсантай холбоотой. Ясны сийрэгжилтээс сэргийлэхийн тулд зөвхөн кальци, Д витамин уух бус дасгал хөдөлгөөнийг илүү хийх хэрэгтэй. Хүний бие амьдрахын тулд олон эрдэс тэжээлүүдийг хоолоор авч чадахгүй үед яснаасаа татаж авдаг. Ясанд бүх эрдэс хамгийн өндөр тунгаар агуулагддаг. Нэмэлт амин дэм хэрэглэх нь зөв боловч хамгийн хэрэгтэй зүйл бол дасгал хөдөлгөөн юм. Булчин ачааллахгүй бол яс сийрэгжинэ, булчингүй бол биеийн тэнцвэр алдагдана. Булчинг тэжээгч амин хүчил нь амьтны гаралтай ханасан уураг юм.

ИНСУЛИН: Хүний биед задалдаг гармон байхад нөгөө талаас барьж босгодог гармон бий. Тэр нь инсулин бөгөөд яг л “барилгачин” гэсэн үг. Гаднаас орж ирсэн хоол хүнс задрахад түүний дотор агуулагдсан глюкоз цусны урсгалд орж эс рүү зөөгддөг. Илүүдэл глюкозыг инсулин хүлээн авч тааламжтай газрыг хайж олоод өөхөн давхаргыг үүсгэдэг. Чихэрлэг зүйлс инсулиний хэмжээг өсгөнө. Гэвч ядарсан үед энерги өгдөг. Инсулин хэтрүүлэн идсэн хүнсийг шууд барьцалдуулан хадгалдаг. Байнга амттан идээд байхаар инсулиний хэмжээ буурахаа больж чихрийн шижин өвчин үүсдэг.

ХУУШУУР, БУУЗ: Монголчуудын ихэнх нь хуушуураа канола, наранцэцгийн гэх мэт үрийн тосыг буцалж байх зуурт хийж хайрдаг. Тэр тоснууд өндөр хэмд задарч хүний биед ормогцоо эстэй барьцалддаг бөгөөд хэрвээ шимэгдүүлж чадахгүй байвал маш муу. Хуушуур нь хайрч байгаа тосноос хамаарч калори өндөр болдог ба хоногт авах уургийн хэмжээнээс хэд дахин ихсэж илүүдэл нь биед хор болж үлддэг. Тийм учраас амьтны гаралтай шар тос, цөцгийн тос, коконатын тос эсвэл оливын тосонд хуушуураа хайрах хэрэгтэй. 10 ширхэг бууз 800, нэг таваг төмсний салат 1600 калори гээд бодоход өдрийн турш авах ёстой калорийг хэд нугалан авч шингээж чадахгүй байснаар таргалах, элдэв өвчин үүсэх шалтгаан болдог.

ЖИН ХАСАХ: Жингээ хаяхын тулд хоолыг сойж олон цагаар хоол идэхгүй байх нь маш буруу. Хоолны хэмжээгээ багасгаж, хоол хүнсээ өөрчилж жингээ хасах хэрэгтэй. Жин хасаад эхлэхээр ядардаг, толгой өвддөг. Тэр бол өөх задарч түүнд хуримтлагдсан байсан хор цусанд орж байна гэсэн үг юм. Дараа нь шээс эсвэл өтгөнөөр гадагшилдаг бөгөөд ууршина гэж байхгүй. Турах, жин хасах тухай хүмүүсийн хуваалцдаг мэдээллийн ихэнх нь буруу, шинжлэх ухааны үндэслэлгүй, судалгаагүй байдаг. Хоолны дэглэмээр жингээ хасахад булчин хамт алдагдана, хэрвээ дасгал хөдөлгөөнийг зохицуулан хийхгүй бол буцаж таргалахдаа булчин биш өөхөөр таргалдаг. Мацаг барих бол өөр ойлголт бөгөөд ходоод гэдсээ амраах үйлдэл юм.

АРХИ, ТАМХИ: Хүмүүс алкохол бага зэрэг хэрэглэхээр сайн унтдаг гэж ярьдаг. Энгийн үед зүрхний цохилт минутанд 48 хавьцаа байдаг. Архи уусан шөнө 60–70 хүрч ачаалал ихсэн зүрх ганцаараа хүчтэй ажилладаг. Хэрвээ энэ зуршил байнга давтагдвал зүрхний шигдээс, цус харвалт гэх мэт эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тамхинд хүний биед хэрэгтэй нэг ч зүйл байхгүй.

ХӨДӨЛГӨӨН: Машинд суух биш алхах, гараа хөдөлгөөд цонхоо, шалаа угаах зэргээр биеийн хөдөлгөөнөө нэмэх хэрэгтэй. Хүний өгзөгний булчин бол алхах, гүйх, суух, босох гэх мэт өдөр тутмын амьдралд маш чухал булчин. Өдөржин суугаад байвал өгзөгний булчин сунаж урд талын булчин богиносож нурууны доогуур өвдөж эхэлдэг. Ногооноос амин дэм давхар авч, зохих хэмжээний дасгал хийх хэрэгтэй.

Идэж байгаа хоол хүнс сайжрахаар хүний арьс өөрөө нэг их юм шаардаад байдаггүй. Эко амьдралын хэвшил гэдэг нь эргэн тойрны бүх нөхцөл байдлын тэнцвэрийг хадгалах, байгальд ээлгүй бүхнээс татгалзах ойлголт юм.

· Нэг хоолны ногооны хачирт аль болох 4–5 тод өнгийн ногоо идэхийг хичээдэг.

· Өдөр идэхээр төлөвлөсөн хоолноосоо өөр зүйл огт иддэггүй.

· Өдөрт нэг ширхэг жимс иддэг. Жимс их ид гэдэг нь буруу сурталчилгаа.

· Дессерт идэх бол зөвхөн орой иддэг.

· 7 хоногт 2–3 өдөр өдрийн хоол хүртэл мацаг барьдаг.

· Химийн аргаар боловсруулдаг дарсыг хэрэглэдэггүй.

· Хоолоо хэзээ ч илүү хийдэггүй.

· Хийсэн хоолоо заавал идэж дуусгадаг.

· Аль болох гадуур хооллодоггүй.

· Хоол хүнсэндээ анхаараад эхэлснээр биеэ маш сайн мэддэг болдог.

· Үнээний сүүн дэх зарим бодисыг, зарим төрлийн шошийг хүний бие задалж чаддаггүй гэдгийг олон судалгаанд баталсан байдаг. Тийм учраас маш бага хэрэглэдэг.

Эх сурвалж: Interview

--

--

Buyanbadrakh Choibalsan
Buyanbadrakh Choibalsan

Written by Buyanbadrakh Choibalsan

Мэдлэг, мэдээлэл түгээх, хуваалцах дуртай

No responses yet