АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ба КОВИД хоёр

Buyanbadrakh Choibalsan
3 min readDec 11, 2020

Хувийн хэвшлийг дэмжих нь цар тахалын үеийн бодлогын цөм байх ёстой гэж эдийн засагчид хэлсээр байна. АЖ-ын салбарын гол цусны эргэлт бол #аяллын бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба түүний борлуулалт. Одоогийн байдлаар 10 компани тутмын 8 нь цаашид ямар арга хэмжээ авахыг төлөвлөөгүй байна. АЖ-ын салбарын чадавхи, чадамжийг бууруулахгүйгээр хэрхэн хамгаалж авч үлдэх вэ.

КОВИД-ын үеийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын нөхцөл байдал

  • АЖ-ын компаниудын хувьд нэлээд өөрчлөлт гарсан. Хэмнэлтийн горимд шилжиж зайлшгүй шаардлагатай зүйлд зардал гаргах, хүний нөөцөө танах, ажлын байрыг багасгах, түр буулгах гэх мэт арга хэмжээнүүдийг авсан.
  • Онлайн сургалтын хэдэн ижилхэн платформууд л хандалт багатай ч “ажиллаж” байна, бусад салбарт ч адилхан.
  • Тэг зогсолттой холбоотойгоор улс даяар ААН-ийн 82% бүрэн зогссон, үүнд АЖ-ын компаниуд ч хамаарна. Зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, урсгал зардал зэрэг санхүүгийн хүндрэлүүд үүссэн.

КОВИД-ын үед ч салбарын бодлого ЗОГСОЖ болохгүй

  • Сайд маань “өнгөрсөн зун 1 сая дотоодын жуулчин эх орноороо аялсан” гэж мэдэгдсэн. Бага тоо биш бөгөөд салбарын мэргэжилтнүүд, тур операторууд хамтран дотоодын аялагчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлого болгох хэрэгтэй.
  • Авто зам дагуу байгуулах #түр зогсоолуудыг төлөвлөсний дагуу урагшлуулах. Хар тэрмис, Хэцүү хадны дэргэд байгуулсан шиг #майхант отогуудаа мөн адил үргэлжлүүлэн байгуулах хэрэгтэй бөгөөд үүнд зориулсан төсвийг гацааж болохгүй.
  • Салбарын ирээдүйн төлөө хүний нөөцөө чадавхжуулах, сургах, мэргэшүүлэх #сургалтуудаа үргэлжлүүлэх, 21 аймагт бус хамгийн гол бүсүүдэд тохиромжтой цаг үед чанартай зохион байгуулах.
  • ТХГН-ийн захиргаа, байгаль хамгаалагч нар, нутгийн иргэд, мэргэжлийн гэрэл зурагчидтай хамтран ажиллаж Монголыг #гадаадад сурталчлах видео бичлэгийн контентуудыг өндөр түвшинд хөгжүүлсээр байх, бааз бэлдэх.
  • АЖ-ын тухай #хуулийн шинэчлэл, хуулинд “#АЖ-ыг дэмжих сан”-гийн эх үүсвэр, түүний бүрдүүлэлт ба зарцуулалтын зориулалтыг тодорхой заах, жуулчны татварын асуудал, визний хөнгөлөлтүүд, визгүй болгох бодлогын төслүүдээ урагш нь түлхэх хэрэгтэй.

КОВИД-ын үед АЖ-ынханд дараах ТУСЛАМЖ хэрэгтэй байна.

  • Ажлын байраа хадгалсан тур компаниудад #урт хугацааны хөнгөлөлттэй, хүүгүй, эсвэл маш бага хүүтэй #зээлийг олгож шинэ бүтээгдэхүүн төлөвлөх, маркетинг хийх, шинэ технологи бүхий бүтээгдэхүүн гаргахад нь туслах
  • Аяллын компаниудад өмнөх жилийн санхүүгийн тайланг үндэслэн баталгаа гаргаж өгөх замаар зээлийг хойшлуулах, хүүг багасгах, шинээр зээл авахад нь дэмжих
  • Хувиараа буюу улирлын чанартай ажил эрхлэгсэд (аяллын хөтөч, жолооч, аяллын тогооч…гэх мэт)-ийг ажлын байрны цахим мэдээллийн санд мэргэжил ур чадварын дагуу ангилан бүртгэлжүүлэх, #цагийн ажлуудад санал болгох, ажил олгосон байгууллагуудыг дэмжих, урамшуулах тогтолцоо үүсгэх
  • Цалингийн сангийн нөөцгүй болсон аяллын компаний зарим ажилтнуудыг “#ажилгүйдлийн даатгалын сан”-гийн нөхцөл боломжинд хамруулах
  • Хөдөө орон нутгийн бэлэг дурсгал, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгсдийг дэмжиж УБ хотод борлуулах сүлжээнд хамруулах, ААН байгууллагуудад үндэсний үйлдвэрлэлийн худалдан авалтыг дэмжих уриалга гарган хэрэгжүүлэх
  • АЖ эргэж сэргэх боломжит хугацаа хүртэл тур операторуудад маш сайн хөнгөлөлтөөр байр түрээслүүлэхийг #оффис түрээслэгч болон зогсонги байгаа #зочид буудлуудад санал болгож хамтран ажиллах, тэднийг татвараас чөлөөлөх
  • Валютын ханшийн эрсдэл, үнийн өсөлтийг урьдчилан тооцоолох, түүнд бэлтгэх, нөөцөө тооцох, хуримтлал үүсгэх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зардлыг үр ашигтайгаар удирдах, хувьцаа, ноогдол ашиг хуваарилалт гэх мэт санхүүгийн мэдлэг, тэсэж үлдэх нөхцөл боломжуудын талаар #мэргэжлийн байгууллагуудаас сургалт семинаруудыг зохион байгуулах
  • АЖ-ын компаниудтай холбоотой зөвшөөрөл, сунгалт гэх мэт янз бүрийн бичиг баримтын бүрдүүлэлтийг бүрэн #цахимжуулж, явдал чирэгдэлгүй болгох
  • Ковидын тархалт намжиж хил гааль нээгдэх үед гадаадаас ирэх жуулчдыг хэрхэн ямар #дүрэм журам мөрдүүлэн хүлээж авах талаархи саналуудыг боловсруулах

Хугацааны хувьд 2021 оны I-YI сар, YII-XII сард хэрэгжүүлэх хоёр шаттай хөтөлбөр болгож хэрэгжүүлэх, тусламж, дэмжлэг авахыг хүсч буй аяллын компани, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын хүсэлтийг хүлээн авах штаб байгуулах.

Судлаачид аж үйлдвэрийн IV хувьсгалыг “#Хиймэл оюун ухааны эрин” гэж нэрлэсэн бөгөөд эл хувьсгал нь амьдралын бүх салбарт нэвтэрч байна. Ухаалаг програм хүмүүсийн ажлыг орлож ирээдүйд хэрэгцээгүй болох мэргэжлийн жагсаалтуудыг гаргаж эхэлсэн ба энэ жагсаалт 300 давах шинжтэй хэмээн үзжээ. Хиймэл оюун ухааны технологи нэвтэрснээр үйлдвэрлэлийн зардал багасаж, цаг хугацаа хэмнэгдэнэ. Оюуны өмчийн гэрчилгээ авч амьдралд нэвтрүүлэхийг “#инноваци” гэдэг. Харин хийсэн бүтээснээ инноваци болгож буй хүмүүсийг дэлхий нийтээр “#баялаг бүтээгчид” гэж нэрлэж байна. Аялал жуулчлалын салбарт БАЯЛАГ БҮТЭЭГЧИД хэрэгтэй, тэднийгээ дэмжих бодлого хэрэгтэй.

#Covid19&Tourism

#Tourism

#КовидбаАялалЖуулчлал

Ч.Буянбадрах 2020.12.11

--

--

Buyanbadrakh Choibalsan

Мэдлэг, мэдээлэл түгээх, хуваалцах дуртай